БИЕИЙН ТАМИРЫН БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН АГУУЛГА, АРГА ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙН АСУУДАЛД
Л.Уртнасан
МУБИС. Биеийн тамирын сургуулийн тэнхмийн эрхлэгч,
доктор /Ph.D/, дэд профессор
Хүний нийгэм хөгжиж, хувь хүний болон нийгмийн хэрэгцээ өсөн нэмэгдэхийн хэрээр боловсролд тавигдах шаардлага байнга шинэчлэгдэж ирсэн. Манай ард түмэн боловсролын үнэ цэнийг ойлгон, үр хүүхдээ боловсролтой болгохын төлөө чармайх болсоор нилээд хугацаа өнгөрч байна. Үүнтэй холбоотойгоор ерөнхий боловсролын төдийгүй дээд боловсролын сургалтын байгууллага олноор байгуулагдсан. Биеийн тамирын салбар ч үүнийг тойрсонгүй. Монголын тамирчид дэлхийн спортын тавцанд өндөр амжилт гаргахын хэрээр биеийн тамирын багш, дасгалжуулагч болох хүсэл сонирхолтой залуусын тоо нэмэгдэж, Монгол улсын боловсролын их сургуулийн Биеийн тамирын сургуулиас гадна хувийн өмчийн хэд хэдэн биеийн тамирын дээд сургууль бий болсон. Одоо гагцхүү үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зүй ёсны шаардлага урган гарч байна.
Дээд боловсрол нь өмнөх шатныхтай харьцуулахад мэдлэг чадварыг эзэмших төдий бус эзэмшснийгээ бодитоор хэрэгжүүлэх ур ухаантай мэргэжилтэн - бие хүнийг төлөвшүүлэхэд чиглэсэн боловсролын шатлалын дээд шат юм.
А. Биеийн тамирын багш бэлтгэх сургалтын агуулгын шинэчлэл
Манай оронд дээд боловсролын тогтолцоо үүсч хөгжихөд ЗХУ /хуучнаар/-ын нөлөө, туслалцаа их байсан. Тиймээс биеийн тамирын дээд боловсролтой багш бэлтгэх сургуулийн бүтэц, зохион байгуулалт, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, сургалтын материаллаг бааз зэргийг Оросын биеийн тамирын сургуулиудаас үлгэр авч боловсруулан, ашиглаж байсан. Анхны багш нар ч ЗХУ-д суралцаж төгссөн мэргэжилтнүүд байжээ.
Биеийн тамирын багш бэлтгэх сургалтын төлөвлөгөө нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу өөрчлөгдсөөр ирсэн. Зарим жишээг авч үзвэл:
- 1960 онд мөрдөж байсан сургалтын төлөвлөгөөнд: Зөвлөлт холбоот улсын коммунист намын түүх, капитализмын ба социализмын улс төр-эдийн засгийн ухаан, орос хэл, сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлал, эрүүл ахуй зэрэг ерөнхий эрдмийн хичээл; биохими, анатоми, физиологи, спортын тодорхой төрлүүд, эмчилгээний биеийн тамир, биеийн тамирын онол ба заах арга, эмнэлгийн хяналт, биеийн тамирын түүх ба зохион байгуулалт зэрэг мэргэжлийн хичээлийг судлахаар тусгагдсан байна. Энэ үед багшлах болон биеийн тамирын ажлын зохион байгуулалтын дадлагыг 3 болон 4 дүгээр курсдээ гүйцэтгэж байжээ.
- 1983-1986 онд мөрдөж байсан сургалтын төлөвлөгөөгөөр: ЗХУКН-ын түүх, МАХН-ын түүх, гүн ухаан, улс төр эдийн засгийн ухаан, шинжлэх ухааны коммунизмын үндэс, төр эрхийн үндэс, сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлал, хүүхдийн эрүүл ахуй, эвлэл пионерийн ажлын арга зүй, сургалтын техник хэрэгсэл, орос хэл, иргэний хамгаалалт, цэргийн бэлтгэл зэрэг ерөнхий эрдмийн хичээлийг 1694 цаг; мэргэжлийн удиртгал, хими ба биохими, анатоми, эрүүл биеийн ба спортын физиологи, спортын тодорхой төрлүүд, эмчилгээний биеийн тамир, биеийн тамирын онол ба заах арга, эмнэлгийн хяналт, биеийн тамирын түүх ба зохион байгуулалт, хөдөлгөөнт тоглоом, биомеханикийн үндэс, спортын сэтгэл судлал, спортын тоног төхөөрөмж зэрэг мэргэжлийн хичээлийг 2560 цаг судалж байсан. Түүнчлэн 288 цагийн спортын сонгон суралцах хичээл орно. Суралцах хугацааны туршид: МАХН-ын түүх, орос хэл, цэргийн бэлтгэл, гүн ухаан, сурган хүмүүжүүлэх ухаан, физиологи, бие бялдрын хүмүүжлийн онол - заах арга зэрэг нийт 7 хичээлээр улсын шалгалт өгч байсан.
- Дээд боловсролын нэгдмэл тогтолцоонд шилжих глобальчлалын үеийн шаардлагад нийцүүлэн 1996 оноос сургалтын төлөвлөгөөг “кредит цаг”-ийн тогтолцоонд оруулсан нь өнөөдөр улам боловсронгуй болж хэрэгжиж байна.
Дээд боловсролын тухай хуулинд “дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх ба өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 120-оос, магистрын сургалт 150-аас, докторын сургалт 210 багц цагаас тус тус доошгүй байна” гэсэн заалт нь биеийн тамирын дээд сургуулийн сургалтын төлөвлөгөөг боловсруулах болон боловсролын зэрэг олгох шаардлагын үндэслэл болно.
Эдгээрээс харахад биеийн тамирын дээд боловсролтой багш бэлтгэх сургалтын төлөвлөгөөний агуулга, үйл ажиллагааны багтаамж нь:
1. Дээд боловсролын ерөнхий суурь хичээлүүд
2. Мэргэжлийн суурь хичээлүүд
3. Мэргэшүүлэх хичээлүүд гэсэн гурван үндсэн бүлэгт хуваагдаж байна.
Өнөөдөр биеийн тамирын дээд боловсролтой багшийг дэлхийн жишигт нийцүүлэн дипломын, бакалаврын, магистрын, докторын гэсэн шатлалтайгаар бэлтгэж байна.
Биеийн тамирын дээд боловсролтой багш бэлтгэж ирсэн түүхэн хугацаанд тус сургууль биеийн тамирын багш бэлтгэх хүрээгээ өргөжүүлэн тэлж ирлээ.
Биеийн тамирын багш мэргэжлийн хослолууд:
Биеийн тамирын багшийн хослол бүхий эдгээр мэргэжлийн ангид судлах агуулга нь мэргэжил тус бүрийн шинжлэх ухааны болон багшлах арга зүйн мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Биеийн тамирын багш мэргэжлийг бусад мэргэжилтэй хослуулан бэлтгэж байгаагийн давуу тал нь:
- Суралцагчдын тоо цөөхөн орон нутгийн сургуулиудыг мэргэжлийн багшаар хангах бололцоо олгож байна.
- Тус сургуулийг төгсөгчид өнөөгийн зах зээлийн нийгэмд мэргэжлээрээ хөрвөн ажиллах боломжийг нэмэгдүүлнэ.
- Суралцагчдын хэрэгцээ, сонирхлыг хангахаас гадна сургуулийн хөгжлийн менежментэд тус нэмэр болно.
Багш боловсролын өөрчлөлт шинэчлэлттэй холбогдож биеийн тамирын багш бэлтгэх дээд боловсролын агуулгад зарчмын өөрчлөлт орж байгаа болно. Сургалтын төлөвлөгөөнд мэргэшүүлэх болон сонгон судлах хичээлүүдийн хувийн жин ихсэж, багш мэргэжлийн багц хичээлийг судалж байна.
Багш мэргэжлийн багц хичээл
Мэргэжлийн удиртгал → Сэтгэл судлал → Багш боловсролын үндэс → Биеийн тамирын мэргэжлийн дидактик → Багшлах дадлага → Ангийн ажил
Манай сургууль биеийн тамирын багшийг бэлтгэхдээ Монгол улсын боловсролын их сургуульд мөрдөж буй “Багш мэргэжлийн багц хөтөлбөр”-ийг 2006 оноос эхлэн хэрэгжүүлж буй бөгөөд энэхүү хөтөлбөр нь сэтгэл судлал, багш боловсролын үндэс, мэргэжлийн дидактикийн гол асуудлууд дээр нь зангидаж өгснөөрөө онцлогтой.
Багш мэргэжлийн багц хөтөлбөрийн залгамж холбоо, кредит цаг
№ | Улирал Хөтөлбөр | I | II | III | IV | V | VI | VII | VIII |
1 | Мэргэжлийн удиртгал | 1 |
|
|
|
|
|
|
|
2 | Сэтгэл судлал | 5 |
|
|
|
|
|
| |
3 | Багш боловсролын үндэс |
|
| 6 |
|
|
|
| |
4 | Биеийн тамирын мэргэжлийн дидактик |
|
| 10 |
|
|
| ||
5 | Багшлах дадлага |
|
|
|
| 12 | |||
6 | Ангийн ажил |
|
|
|
|
| 1 |
Багш мэргэжлийн багц хичээлүүдээс хамгийн олон кредит цагийг биеийн тамирын мэргэжлийн дидактик эзэлнэ. Энэ нь аргагүй юм. Суралцагчид биеийн тамирын мэргэжлийн дидактикийн мэдлэгийг сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүйн интеграци түвшинд эзэмших, бүтээлчээр хэрэглэх, хамтран ажиллах чадвар, биеийн тамирын багшийн цогц чадамжийг хөгжүүлэхэд энэ хичээлийн агуулга, арга зүй чиглэгдэнэ.
Суралцагчид мэргэжлийн дидактик хичээлээр:
· Биеийн тамирын дидактикийн үндэс, агуулга, арга зүйн хөгжлийн тойм
· Биеийн тамирын бага, суурь, бүрэн дунд боловсролын агуулга, агуулгыг тодорхойлох үзэл баримтлал, судлах зүй тогтол
· Биеийн тамирын боловсролын хөгжлийн нийтлэг чиг хандлага
· Орчин үеийн биеийн тамирын хичээл, түүний зохион байгуулалт
· Биеийн тамирын сургалтын технологи
· Хүүхэд, өсвөр үеийнхний бие бялдрын хөгжлийн зүй тогтол, сайжруулах арга замууд
· Хичээлийн бус хэлбэрийн бие бялдрын хүмүүжлийн ажлууд
· Биеийн тамирын сургалтын судалгаа шинжилгээний ажлын үндэс
зэргийг судлан, орчин үеийн шаардлага хангасан сургалт явуулах чиг хандлагатай болж, биеийн тамирын хичээлийн төлөвлөлт, технологийн боловсруулалтыг хийх, зохион байгуулах, хичээлдээ дүн шинжилгээ хийж өөрийгөө хөгжүүлэх чадвартай болно.
Биеийн тамирын багшийг бэлтгэхэд мэргэшүүлэх хичээлүүд гол үүрэгтэй. Мэргэшүүлэх хичээлд:
1. Эмнэлэг-биологийн чиглэлийн хичээлүүд:
Хүний биеийн анатоми буюу марфологи → эрүүл биеийн физиологи → спортын → физиологи → спортын биохими → спортын анагаах ухаан → эмчилгээний биеийн тамир → спортын массаж
2. Спортын тодорхой төрлийн онол, тэдгээрийн дидактикийн хичээлүүд:
Үндсэн гимнастик → хөнгөн атлетик → сагсан бөмбөг → волейбол → хөлбөмбөг → аэробик → бялдаржуулах → уран сайхны гимнастик → үндэсний спорт → үндэсний бөх → бөхийн бусад төрлүүд.
3. Хээрийн дадлага хичээлүүд:
Цана, тэшүүр → явган аялал → усанд сэлэлт
4. Сонгон суралцах хичээлүүд:
А. Биеийн тамирын багш мэргэжлийн
Б. Спортын тодорхой төрлийн дасгалжуулалтын онол, арга зүйн гэсэн хоёр чиглэлийн хичээл багтана.
Дээд боловсролын агуулгад багтах бас нэг чухал хэсэг нь эрдэм шинжилгээний ажил юм. Оюутан суралцагчид суралцах хугацааны эхний жилээс эхлэн хичээлийн явцад ба хичээлийн бус цагаар төрөл бүрийн судалгааны ажилд багаар болон ганцаарчлан оролцож, судалгаа шинжилгээний ажлын зохих мэдлэг чадвар эзэмшиж, тоон болон чанарын судалгааны арга барилтай болно.
Оюутны эрдэм шинжилгээний ажлын зохион байгуулалт
Анги | Судалгааны ажлын чиглэл | Юу хийх | Үр дүн |
I | Хүүхдийн сэтгэл зүйн хөгжил | Янз бүрийн насны хүүхэдтэй ярилцах, ажиглах, судлах | Хүүхдийг судлан оношлох мэдлэг, арга барилтай болох |
II |
Сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа | Хүүхэд → багш→ анги-хамт олон → сургалт → хичээл → сургуулийг судлах | Сурган хүмүүжүүлэх судалгааны аргын мэдлэг, чадвартай болох |
III |
Сургуулийн биеийн тамир | -Хүүхдийн бие бялдрын хөгжил, бэлтгэлжилтийг судлах -Биеийн тамирын сургалтын үр дүнг дээшлүүлэх арга замыг судлах | Сургуулийн биеийн тамирын тодорхой сэдвээр судалгааны ажил хийж, “Бүтээлч даалгавар”гүйцэтгэн төгсөлтийн шалгалтанд хамгаалах |
IV | Хүүхдийн спортын авьяасыг хөгжүүлэх | Тодорхой спортын төрлөөр хүүхдийг хөгжүүлэх туршилт судалгаа | Аль нэг спортын төрлөөр судалгааны ажил хийх мэдлэг, арга зүйг эзэмших |
Б. Биеийн тамирын багш бэлтгэх сургалтын арга зүйн шинэчлэл
Өнөө үед бүх талын боловсролын агуулга нийгмийн болон хувь хүний хэрэгцээнд чиглэх болсон. Нийгмийн хөгжлийн өөрчлөн байгуулалтын явцад хувь хүний болон нийгмийн хэрэгцээ маш хурдтайгаар өсч, өөрчлөгдөж байна. Үүнтэй холбоотойгоор сургалтын загвар болон арга зүйд өөрчлөлт орж эхэлсэн. Гол өөрчлөлт нь багш төвтэй сургалтаас суралцагч төвтэй сургалт болж өөрчлөгдөх шаардлагатай болсон. Үүний үр дүнд:
Суралцагч нь дуулгавартай гүйцэтгэгч, даган дууриагч байснаа хамтран ажиллагч, хийж турших явцдаа хөгжигч болж болж хувирна. Багш нь мэдээлэл дамжуулагч байснаа хамтран ажиллагч, туслагч болж өөрчлөгдөнө.
Ийм өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд суралцах таатай орчин чухал бөгөөд энэ нь:
- сургалтын шинэ технологийг хэрэгжүүлэхээр бэлтгэгдсэн багш нар
- сурах, хөгжих тэмүүлэл бүхий суралцагчид
- урамшуулан дэмжих, туслах эрмэлзэлтэй сургуулийн захиргаа юм.
Биеийн тамирын дээд сургуулийн сургалтын арга зүйд орсон гол өөрчлөлт нь багшийн үйл ажиллагаанд тусгалаа олох ёстой болж байна. Багш сургалтын явцад:
· Онолын нэгдмэл үзэл баримтлал, биеийн тамирын шинжлэх ухааны системтэй мэдлэг, чадварт тулгуурлан сургалтын агуулгыг боловсруулах
· Оюутан-суралцагчдын ирээдүйд хийх бодит амьдралтай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрэл хайгуул, судалгаагаар дамжуулан суралцах сэдлийг төрүүлэх
· Мэдлэгийг бэлнээр дамжуулах бус, оюутан-суралцагчид мэдлэгээ өөрөө бүтээх, чадваржих сургалтын нөхцлийг бүрдүүлэх
· Оюутан-суралцагчдын оюуны үйл ажиллагааг дэмжиж, урамшуулах, хамтран ярилцах, санал солилцох, мэдлэгээ итгэл болгоход нь туслах
· Сургалтын дэвшилтэт арга, хэлбэр, сургалтын хэрэглэгдэхүүн, үнэлгээний хэлбэрийг оновчтой сонгох зэргээр өөрийгөө суралцагчидтайгаа хамт хөгжүүлнэ.
Биеийн тамирын багш бэлтгэх сургалтанд дээд сургуулийн сургалтын уламжлалт аргуудыг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, шинэ хандлагаар ашиглаж байна.
Оюутан суралцагчдад биеийн тамирын шинжлэх ухааны суурь мэдлэгийг системтэй өгөх зорилготой лекцийн хичээлийн технологийг сайжруулахын тулд оюутнуудад их хэмжээний мэдлэг олгохыг бус, биеийн тамирын үндсэн тулгуур ухагдахуун, үзэл санаа, баримт, зөрчилтэй асуудлууд зэрэгт гол анхаарлаа хандуулж, зөвхөн тайлбарлах биш, өөр олон арга хэлбэр, хэрэглүүрийг хослон ашиглах шаардлагатай болсон.
Лекцийн хичээлийг боловсронгуй болгохдоо профессор багш нарын хэрэглэж буй технологийг нэгтгэж үзвэл: оюутан суралцагчдын өмнө тодорхой асуудал дэвшүүлэн тавьж, танин мэдэх хэрэгцээ, сэдэл төрүүлэх → үндсэн мэдээлэл өгөх → сонирхолтой жишээ баримт ярих → ерөнхийлөн дүгнэх → семинарын хичээлд бэлтгэх даалгавар өгөх зэрэг дараалалтай байна.
Эртний Грек, Римийн сургуулиудад мэтгэлцээн, сурагчид өөрсдөө мэдээлэл хийх, багшийн тайлбар зэргийг хослуулан хэрэглэх байдлаар ашиглаж ирсэн семинарын хичээл нь улам боловсронгуй болсоор өнөөдөр ч дээд сургуулийн сургалтыг зохион байгуулах үндсэн хэлбэр болсоор байна.
Семинарын хичээлд хэрэглэж буй арга, хэлбэрүүд:
Ш Асуудал шийдвэрлэх семинараар тодорхой асуудлыг багаар хамтран хэлэлцэж, эрэл хайгуул хийх, биеийн тамирын багшийн дүрд тоглон хэлэлцүүлэг явуулах
Ш Мэдлэг бататгах семинараар биеийн тамирын онолын эх материалтай ажиллах, асуулт хариулт явуулах, харилцан тайлбарлах, жишээ дасгал зохиож хэлэлцэх
Ш Маргаан - семинараар тодорхой сэдвээр мэтгэлцэх
Ш Уулзалт – семинараар спортын алдар цуут тамирчид, дасгалжуулагчидтай уулзалт хийх, ярилцлага явуулах, үзүүлэх тоглолт үзэж ярилцах
Ш Тайлан хамгаалах семинарт тодорхой асуудлын хүрээнд хийсэн ажлаа тайлагнан ярьж мэдээлэл хийж хамгаалах
Ш Хянаж шалгах семинараар оюутан суралцагчдын мэдлэгийг үнэлж зүгнэх үйл ажиллагааг явуулна.
Семинарын хичээлийн үр дүнг дээшлүүлэхийн тулд багш бүр бүтээлчээр сэтгэх, оюутнуудын хэрэгцээ сонирхлыг судлах, тэдний бие даасан үйл ажиллагааг өрнүүлж дэмжих, бие даасан судлах ном, хэрэглэгдэхүүнээр хангах хэрэгтэй байна.
Дээд сургуулийн сургалтын чанарт багш, суралцагч гэдэг хоёр субьектын идэвхтэй үйл ажиллагаа чухал үүрэгтэй. Уламжлалт сургалтын хэлбэр нь оюутан суралцагчийг идэвхтэй үйл ажиллагааны гадна байлгаж, зөвхөн “багш сайн заавал шавь сайн сурах ёстой” гэсэн зарчмыг баримталдаг байсан. Тэгвэл одоо суралцагчийн идэвхтэй үйл ажиллагааг дэмжиж, хамтын ажиллагааны зарчмаар хамтран мэдлэгийг бүтээж ажиллах шаардлагатай.
Ажиглалтаас үзэхэд оюутан суралцагчдыг байнгын идэвхтэй үйл ажиллагаанд байлгаж, сурах сэдэл тэмүүллийг бий болгох, бие даалган ажиллуулах, бие биенээс нь суралцуулах, тэднийг өөрсдөөр нь үнэлүүлэх аргуудыг төдийлөн оновчтой хэрэглэхгүй байгаа байдал ажиглагдсан. Зарим багш оюутнуудын идэвхгүй байдал, бие даан ажиллах чадвар тааруу байгааг шүүмжлэхээс бус тэднийг идэвхжүүлэх талаар илүү үр дүнтэй аргуудыг эрж хайхгүй байна.
Эцэст нь хэлэхэд биеийн тамирын дээд боловсролтой, хүүхдийг хөгжүүлэх чин сэтгэлтэй, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай багшийг бэлтгэхэд профессор багш нар болон суралцагч оюутнуудын хамтын ажиллагаа чухал болно.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:




